본문 바로가기

Номын танилцуулга

Сүүлийн 5 жилийн Солонгос дахь Монголын түүхийн судалгаа

 Монголын түүхийн холбогдолтой нэгэн сэдэвт зохиол болон орчуулгын ном, зохиол

 

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд Солонгост Монголын эзэнт гүрэн, Монгол-Корйөгийн харилцаа, Монголын эзэнт гүрний дараах үе, Сурвалж судлал гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд нэгэн сэдэвт зохиол 9, орчуулгын бүтээл мөн 9 төрөн гарсныг тус бүрт нь товч танилцуулъя.

 

1. И Мйөнми, “XIII-XIV зууны Корйө-Монголын харилцааны судалгаа”. 2016.
이명미, 13-14 세기 고려 몽골 관계 연구, 2016.

 

Тус бүтээлд XIII-XIV зууны Корйө-Монголын харилцааны онцлог Корйөгийн улс төр, эрх мэдэлтнүүдийн бүтэц, зохион байгуулалтад хэрхэн нөлөөлснийг Корйөгийн вангийн статусын өөрчлөлтөд тулгуурлан тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл Корйө улс Монголтой харилцаа тогтоосноос хойш Корйө улсын эрх мэдлийн төв болох улсын ван нь уг статусаасаа гадна Юань улсын Зүүн хязгаарыг товхинуулах яамны сайд, Юань улсын хүргэн хэмээх 3 өөр статустай болсон нь ямар учир шалтгаан, уялдаа холбоотойг нягтлан тодруулсан байна.

 

2. И Мйөнми, “Корйө, Монголд очсон нь” 2022.

이명미, 고려 몽골에 가다, 2022.

 

Гарчгаасаа харагдаж байгаачлан энэ ном нь Монголд очсон корйө хүмүүс(шивэгчин, тайган, худалдаачин, түшмэд зэрэг)-ийн тухай ба тэдний соёл Монголд хэрхэн дэлгэрэн тархсан талаар түүх сонирхон уншигчдад зориулсан бэсрэг бүтээл юм.

 

3. И Канханъ, “Корйөгийн ваар, Юань гүрэнтэй танилцсан нь” 2016.

이강한, 고려의 자기, 원제국과 만나다, 2016.

 

ХIII-XIV зууны Корйө болон Юань гүрний хоорондох ваарын худалдаа наймаа болон Корйө ваарын үйлдвэрлэл хийгээд тэдгээрийг Их Юань гүрэн рүү хэрхэн гаргадаг байсан талаар өгүүлжээ. Мөн бараа таваар, худалдааны бүтээгдэхүүн гэдэг талаас нь ваарыг судалж Корйө ваарын талаар шинэ содон мэдээллийг өгөхийг зорьсон байна.

 

И Канханъ, “Корйө болон Юань гүрний худалдааны түүх” 2013.
이강한, 고려와 원제국의 교역의 역사 - 13~14세기 감춰진 교류상의 재구성, 2013.

 

Түүний бас нэгэн бүтээл болох “Корйө болон Юань гүрний худалдааны түүх” номонд Чүнрйөл ван, Чүнсөнъ ван, Чүнсүг ван, Чүнхе вангуудын газар болон далайн худалдааны бодлого хийгээд гадаадуудын Корйө руу айлчилсан хэрэг явдлыг худалдаа наймаа талаас нь тайлбарлаж он цагийн хувьд XIII зууны сүүлээс Юань гүрний уналт хүртэлх хоёр орны худалдаа наймааны түүхийг өгүүлжээ.

 

4. Дангүк ИС-ийн Монгол судлалын хүрээлэн, “Зүүн Хойт Азийн нүүдэлчдийн соёлын нэвтэрхий толь”, 2017.
단국대학교 몽골연구소, 동북아유목문화사전, 2017.

 

 

Нийт 835 хуудас бүхий 1500 толгой үг агуулсан энэхүү толь нь нүүдэлчдийн соёлын энгийн нэг толь бичиг биш, цогц судалгааны бүтээл юм. Үүнд нүүдэлчдийн соёлыг “нүүдэлчдийн уран зохиол, нүүдэлчдийн хоол хүнс, хувцас, орон байр, нүүдэлчдийн амьдрал, нүүдэлчдийн итгэл үнэмшил, нүүдэлчдийн урлаг” гэсэн таван сэдэвт ангилж, үг бүрийг дэлгэрэнгүй тайлбарласан байна. Түүнчлэн нүүдэлчидтэй холбоо бүхий үгсийг ойлгоход хялбарчлах зорилгоор хамаа бүхий гэрэл зургуудыг өнгөтөөр оруулж, судлаачдад зориулан холбогдох судалгааны бүтээлүүдийг мөн хадаж өгчээ.

 

5. Ким Ходон, “Төв Евразийн түүхийн атлас”, 2016.
김호동, 아틀라스 중앙유라시아, 2016.

 

Нүүдэлчид түүхийн тавцанд гарч ирснээс эхлээд Монголын эзэнт гүрэн зэрэг нүүдэлчдийн байгуулсан эзэнт гүрний үйл ажиллагаа, тэдгээрийг мөхсний дараах өөрчлөлтүүд гэх мэт Төв Евразийн 3000 жилийн түүхийг нэг номонд системтэйгээр багтаан өгүүлжээ. Эрт дээр үеэс өнөөг хүртэл төрөл бүрийн хэлээр бичигдсэн анхдагч эх сурвалж хийгээд өдийг хүртэлх судалгаануудын үр дүнд тулгуурлан бичсэн Евразийн 3000 жилийн түүх, мөн шинээр 113 газрын зураг нэмж тайлбартайгаар оруулсан нь Солонгос эрдэмтний бичсэн дэлхийн хэмжээний бүтээл болохыг илтгэнэ.

 

6. Ко Мйөнсү, Монгол-Корйөгийн харилцааны судалгаа, 2019.
고명수, 몽골:고려 관계 연구, 2019.

 

 

20 гаруй жил Монгол болоод Юань гүрний түүхийг судалж буй Чүннам ИС-ийн профессор Ко Мйөнсү нь Монгол-Корйөгийн харилцааны түүхтэй холбоотой илтгэл өгүүллээ эмхэтгэн гаргасан нь энэ болой. Хоёр орны харилцаа урд урдах Хятад-Солонгосын харилцаанаас ялгаатай нь Солонгос нь энэ үед Монголд улс төр, эдийн засаг, цэргийн хүчээр захирагдаж байсан онцгой үе гэж тодорхойлж болно хэмээжээ.

 

7. И Жү-Йөб, “Их Монгол улсын залгамжлагчид - Төмөрийн хаант улсаас Орос хүртэл,
Их Монгол улсын дараах Төв Евразийн түүх”, 2020.

이주엽, 몽골제국의 후예들, 티무르제국부터 러시아까지, 몽골제국 이후의 중앙유라시아사, 2020.

 

 

Энэхүү бүтээл нь Монголын эзэнт гүрний залгамжлагч улсууд болон тэдний нөлөөнд байсан Евразийн улсуудын талаар бөгөөд тэдэнд үлдсэн Монголын өвийг судалж тодруулахыг зорьжээ. Мөн тэрээр өнөөгийн Монгол, Орос, Хятад төдийгүй баруун Ази, Ойрхи Дорнодын Энэтхэг, Турк, Иран, Төв Азийн Казахстан, Узбекистан зэрэг Евразийн олон орон Монголын эзэнт гүрний шууд залгамжлагч юм уу, Монголын эзэнт гүрний өв уламжлалын үндсэн дээр өөрчлөгдөн хөгжиж ирсэн улс орон хэмээгээд энэ утгаараа орчин үеийн Еврази бол Монголын эзэнт гүрний бүтээгдэхүүн болоод өв гэж үзжээ.

 

8. Ихуа Эмэгтэйчүүдийн ИС., түүхийн цуврал, “Монголын энх тайван үеийн Өрнө дорнын соёлын харилцааны түүхийг сурвалжаар үзэх нь” 2021.

이화사학총서, 사료로 보는 몽골 평화시대 동서문화 교류사, 2021.

 

 

Энэхүү ном нь Монголын эзэнт гүрний үеийг голчлон өрнө дорнын соёлын харилцааны талаарх чухал, сонирхолтой түүхэн материалуудын цуглуулан танилцуулсан бүтээл юм. Тодруулбал тус номонд Монголын энх тайван эрин үед Монгол улс, Евразийн улс орнуудын харилцаа холбоог тод харуулсан аяллын тэмдэглэл, захидал харилцаа, ханын зураг, хөшөө бичээс, албан ёсны бичиг баримтууд багтсан болно.

 

9. Ихуа Эмэгтэйчүүдийн ИС, түүхийн цуврал, “Монголын энх тайван үеийн Өрнө дорнын соёл иргэншлийн харилцаа : Авиньоноос Кэгйөн хүртэл”, 2021.

이화사학총서, 몽골 평화시대 동서문명의 교류 : 아비뇽에서 개경까지, 2021.

 

Тус ном нь өрнө дорнын соёл иргэншил Монголын энх тайвны үед Монголын эзэнт гүрэнтэй хэрхэн харилцаж байсан хийгээд тэр нь дэлхийн түүхэнд ямар үүрэг гүйцэтгэснийг Азийн түүх болон Европын түүх судлаач эрдэмтдийн хамтын судалгааг тусгасан бүтээл болжээ. Мөн Монгол болон Евразийн харилцааны түүхийг өрнө дорнын соёл, шашин, худалдаа, газар зүй, улс төр зэрэг олон талаас нь авч үзэн ялангуяа соёл, урлагтай холбоотой түүхэн тэмдэглэл болон тухайн үеийн гол гол аяны тэмдэглэл, газрын зураг зэрэг сонирхолтой мэдээллүүдийг багтаажээ.

 


Орчуулгын зохиол

 

Ким Ходон орч., “Монголын эзэнт гүрний аян замын тэмдэглэл” (Плано Карпини, Виллиам Рубрук), 2015.

 Ким Ходон орч., “Марко Пологийн аяны тэмдэглэл”, 2015.

 

 

 

Ким Ходон орч.,“Судрын чуулган” 4 боть.

“Чингис хааны түүхэн тэмдэглэл”, 2003,
“Хааны залгамжлагчид”, 2005,
“Овог аймгуудын түүх” 2016,  
“Ил хаадын түүх” 2018.

 

 

 

Квонъ Йунчөл орч., Чингис хааны солилцоо, Монголын эзэнт гүрэн ба Даяаршлын эхлэл , 2020.
Timothy May, “The Mongol Conquests in World History”, 2012.

 

 

Квонъ Йунчөл орч., Кипчакийн хаант улс, 2020.
Charles J.Halperin, “Russia and the Golden Horde : The Mongol Impact on Medieval Russian History”, 1987.

 

 

 

 

Квонъ Йунчөл орч., Монголын эзэнт гүрэн, 2020.

Morris Rossabi, “The Mongols : A Very Short Introduction - Very Short Introductions, 2012.

 

 

 

 

Квонъ Йунчөл орч., “Раббан Саумагийн Өрнөдөд зорчсон тэмдэглэл – Хубилай хааны тусгай элч, Хятадаас анх удаа Европ руу аялсан нь”, 2021.
Morris Rossabi, “Voyager from Xanadu”, 2010.

 

 

 

 

И Жэхуан орч., “Монголын эзэнт гүрний үеийн торгоны замыг нээгчид - жанжид, худалдаачид, сэхээтнүүд”, 2021.
Michal Biran, “Along the Silk Roads in Mongol Eurasia - Generals, Merchants, and Intellectuals”, 2020.

 

 


Монголын түүхийн холбогдолтой дипломын ажил

 

Солонгос дахь монголын түүхийн судалгаа хэрхэн өрнөж байгаа явдлыг дээр дурдсан судалгааны ном зохиол, орчуулгын бүтээлээс гадна ахисан түвшний оюутнуудын судалгааны ажил ямар түвшинд хийгдэж байгаагаар харж болно. Өгүүлэн буй хугацаанд Монголын эзэнт гүрний үе, Монгол-Корйөгийн харилцаа, Сурвалж судлал, Монголын эзэнт гүрний дараах үе гэсэн ерөнхий сэдвээр 4 магистр, 7 доктор төрөн гарчээ.

 

1.     Сө Йүнъ-А, “Монголын эзэнт гүрний үе(1206-1259)-ийн ‘ах’ болон түүний үүрэг, оролцоо – Батын улс төрийн үйл ажиллагааг голчлох нь”, Кйөнбог ИС., Магистрын судалгааны ажил, 2016.

서윤아, 몽골제국 시기(1206_1259)의 `아카(aqa)`와 그 역할 ― 바투의 정치 활동을 중심으로, 경복대학교 석사학위논문, 2016.

 

Сө Йүнъ-А нь хаан ширээ эзгүй үед улс төрийн үйл ажиллагааг удирдах үүрэгтэй, эрх мэдэл бүхий “Ах” хэмээх байр суурь, шалгуурыг хангасан хүн нь Бат байсан хэмээгээд түүний үйл ажиллагаатай холбоотой судалгааны ажлаа бичжээ. Ингэхдээ Өгэдэй хааныг нас барсны дараа Гүюгийг хаан ширээнд өргөмжлөх явцад болсон хуралдайд Бат ямар үүрэг гүйцэтгэснийг голчлон авч үзээд мөн энэ явцад Гүюг болон Батын харилцаа, цаашилбал Өгэдэйн удам болон Зүчийн удмынхны харилцаа хэрхэн өөрчлөгдсөнийг харуулахыг зорьжээ.

 

2. Сө Ынъхе, Корйө Монголын харилцааны өрнөл ба Корйөгийн цаг тооллын бичгийн хэрэглээ, Сөүлийн ИС., Магистрын судалгааны ажил, 2016.

서은혜, 여몽관계의 추이와 고려의 역법운용, 서울대학교 국사학과 석사학위논문, 2016.

 

Корйө улс байгуулагдсан цагаасаа Хятадын хаант улсуудтай “өргөмжлөл хүртэх-хүртээх” харилцаатай байж ирсэн хэдий ч тэднээс цаг тооллын бичиг хүртэх явдал ховор байжээ. Харин Корйө улс 1260 онд Монголтой “өргөмжлөл хүртэх-хүртээх” харилцаатай болсны дараа Монголоос Корйөд жил бүр гадаад улсын вангийн хувиар ёс болгож цаг тооны бичиг хүртээдэг байв. 1280 оноос Корйөгийн Монголтой харилцах байр суурь өөрчлөгдөж Монголын нэг хэсэг нь болсноор хоёр улсын албан түүхийн тэмдэглэлд цаг тооны бичиг хүртээх явдлыг тэмдэглэхээ больсон мэт байна.

Мөн Корйө улс байгуулагдсанаасаа хойш өргөмжлөл хүртдэг улсынхаа цаг тооллын бичгийг даган мөрдсөн удаа бараг үгүй билээ. 10 гаруй жил Монголд суун монголын аж амьдрал, улс төр, засаг захиргааны тогтолцоог сонирхон судалсан Чүнсөнъ ван ширээнд сууснаар өөрийн улсын засаг захиргааны бүтэц зохион байгуулалтаа Эзэнт гүрнийхтэй ижилхэн байлгах зорилгоор өөрчлөлт шинэчлэлт явуулсны нэг нь монголын цаг тооны бичигт тааруулж өөрсдийн цаг тооллын бичгээ мөн шинэчилсэн явдал зэргийг уг судалгааны ажлаас мэдэж болно.

 

     3. Сөл Пэхуанъ, “Монгол·Юань гүрний ‘Хуралдай’-н судалгаа”, Сөүлийн ИС., Докторын судалгааны ажил, 2016.

설배환, 蒙·元제국 쿠릴타이(Quriltai) 연구, 서울대학교 동양사학과 박사학위논문, 2016.

 

Хааны ордны эрх мэдэл ба Хуралдай, Хуралдайн эд юмсын ертөнц, Хуралдайд хэрэглэх эд юмсын нийлүүлэлт ба замчийн талаар гэсэн үндсэн 3 бүлэгт XIII-XIV зууны Монголын хааны ордны хуралдай хэзээ, хаана, ямар хэв маягаар хэрхэн хийгдэж байсныг мөн хуралдай хийх санхүүгийн эх үүсвэрийг хаанаас бий болгож, Хаан улсыг голчилж хэрхэн тийшээ тээвэрлэн зөөж татаж байсан зэрэг Монголын эзэнт гүрний хуралдайн талаар цогц судалгааг 2016 онд Сөл Пэхуанъ Сөүлийн ИС-ийн Азийн түүхийн тэнхимд суралцан хийж амжилттайгаар хамгаалжээ.

 

4. Чөн Донхүнъ, “Корйө улсын үеийн гадаад харилцааны бичгийн судалгаа”, Сөүлийн ИС., Докторын судалгааны ажил, 2016.

정동훈, 高麗時代 外交文書 硏究, 서울대학교 국사학과 박사학위논문, 2016.

 

Энэхүү судалгааны ажил нь 918-1392 онд оршин тогтносон Корйө улс нанхиад нутаг дахь хаант улсуудтай байнгын харилцаа холбоотой байж тэдэнтэй харилцаж байсан албан бичгүүдийг судалж задлан шинжлэх зорилготой аж. Хоёр улсын харилцааны бичгийн хүлээн авагч тал нь хэн байсан, ямар сувгаар харилцаа холбоо нь явагдаж байсан, тэр үйл явцад нь ямар албан бичиг ашиглагдаж байсан зэргийг тэрхүү хугацаанд нанхиад нутагт оршиж байсан Умард Сүн, Хятан, Өмнөд Сүн, Алтан улс, Монгол, Мин зэрэг улсууд тус бүр дээр нь шинжилсэн томоохон судалгаа болжээ.

 

5. О Кисын, “XIII-XIV зууны Корйө Монголын хилийн залгаа нутгийн корйөчуудын судалгаа”, Жүн-ан ИС., Докторын судалгааны ажил, 2017.

오기승, 13-14世紀 麗蒙 接境地域 高麗人 勢力 硏究, 중앙대학교 박사학위논문, 2017.

 

Уг судалгаа нь Корйө-Монголын дайн ба Корйө дүрвэгсдийн бүлэглэл бий болсон нь, XIII зууны сүүлч XIV зууны эхэн үеийн Ляодунгийн бүс нутгийн корйөчуудын бүлэглэлийн мандал буурал, Юань Мингийн шилжилтийн үеийн улс төрийн байдлын өөрчлөлт ба хил залгаа нутгийн Корйө хүчнийхний задрал, XIII-XIV зууны Корйө Монголын хил залгаа нутгийн корйөчуудын бүлэглэлийн түүхэн байр суурь гэсэн бүлгүүдэд хоёр улсын харилцаанд нөлөө бүхий үүрэг гүйцэтгэсэн корйөчуудын талаар цогц судалгаа хийж докторын зэрэг хамгаалжээ. 

 

6. Ким Йүнъжөн, “Корйө Юань улсын харилцааны өрнөл ба хувцасны соёлын өөрчлөлт”, Йөнъсэ ИС., Докторын судалгааны ажил, 2017.

김윤정, 여원 관계 추이와 복식문화의 변천, 연세대학교 박사학위논문, 2017.

 

Энэ судалгаанд XIII-XIV зууны Корйөгийн нийгэмд Юань гүрний соёл нэвтэрч дэлгэрсэн үйл явцыг судалж гадны соёл дэлгэрснээр ялангуяа хувцас гэх мэт өөрсдийн соёлын талаарх ойлголт хэрхэн өөрчлөгдөж буйг харуулахыг зорьжээ. Соёл болон сэтгэлгээний өөрчлөлтийг системтэйгээр ойлгуулахын тулд Корйө Монголын харилцаа эхэлсэн дайны үеэс Юань Мингийн шилжилтийн үе буюу харилцаа төгсөх үе хүртэл он цагийн дарааллын дагуу “Хувцас” хэмээх нэгэн сэдвээр төлөөлүүлж бичжээ.

 

7. Ким Сөгхуанъ, “XIII-XIV зууны Монголын зарлигийн тогтолцооны судалгаа”, Сөүлийн ИС., Докторын судалгааны ажил, 2019.

김석환, 13~14세기 몽골제국 勅令制度 硏究, 서울대학교 동양사학과 박사학위논문, 2019.

 

Монголын эзэнт гүрний эхэн үед зарлигийн тогтолцоо хэрхэн бий болж хэрэглэгдэж байсан хийгээд хожим Хаан улс буюу Юань улс, Хүлэгү улсуудад хэрхэн өвлөгдөж өөрчлөгдөж байсныг тодруулж зарлигийн тогтолцооны талаар шинэ ойлголтыг бий болгож энэ нь монголчууд эзэнт гүрнийг удирдан захирч байсан нэг хэлбэр гэж үзжээ. Мөн Эзэнт гүрний дотор тус бүр өөр газар нутагт, өөр цаг хугацаанд бичигдсэн зарлигийн бичгүүдийг шинжилж хоорондоо ижил төсөөтэй шинж чанарыг тодруулахыг зорьсон байна.  

 

8. Чой Со-Йөн, “XV зууны Түвэд зохиол ‘Хятад Түвэдийн түүхийн чуулган漢藏史集(Rgya bod yig tshang)’-ы орчуулга, судалгаа”, Сөүлийн ИС., Докторын судалгааны ажил, 2019.

최소영, 15세기 티베트 저작 『漢藏史集(Rgya bod yig tshang)』譯註와 연구, 서울대학교 동양사학과 박사학위논문, 2019.

 

Судлаач Чой Со-Йөн нь Балжидсанбо? хэмээх хүний 1434 онд бичсэн “Хятад Түвэдийн түүх, мэргэдийг баясган үйлдэгч, замбуулинг гийгүүлэгч толь” (rgya bod kyi yig tshang mkhas pas dga’ byed chen mo ‘dzam bu gling gsal ba’i me long) хэмээх сурвалжийг түвэд хэлнээс орчуулж эрдэм шинжилгээний зүүлт тайлбар хийснээр гадаад дотоодод бараг судлагдаж байгаагүй гарчиг нь ч төдийлөн танигдаж амжаагүй бүтээлийг танилцуулж их хааны дэргэд тун ойрхон аж төрнөж байсан нэгэн бүлэг иргэдийн/түвэд/ үлдээсэн тэмдэглэлийг судлаачдад ил болгосноор эзэнт гүрний түүх судлаачдад томоохон үнэ цэнтэй бүтээл болж буй юм. Уг зохиолд Өмнөд Сүн рүү довтлоход чухал үүрэг гүйцэтгэсэн Баян ба зальт түшмэл Санга(桑哥)-ын талаар дэлгэрэнгүй өгүүлжээ.

 

9. И Жү-Йөнъ, “Төмөрийн хаант улсын түүх, ‘Ялалтын тэмдэглэл’-ийн орчуулга”, Сөүлийн ИС., Докторын судалгааны ажил, 2019.

이주연, 티무르朝의 史書, 야즈디 撰 “勝戰記”(Ẓafar-nāma)의 譯註, 서울대학교 동양사학과 박사학위논문, 2019.

 

Персийн түүхч Яазди (Šaraf al-Dīn ‘Alī Yazdī)-н бичсэн Төмөрийн хаант улсын түүх "Ялалтын тэмдэглэл (ظفرنامه ,  Ẓafar-nāma)"-ийг перс хэлнээс солонгос хэлнээ бүрэн орчуулж, тайлбар зүүлт нэмсэн 1140 нүүр судалгааны ажил болсон байна. Сурвалж бичиг орчуулж, тайлбар зүүлт хийн докторын зэрэг хамгаалсан нь Сөүлийн ИС-ийн Азийн түүхийн тэнхимдээ анхдагч болжээ.

 

10.  Ким Үнхаг, “Монголын эзэнт гүрний Корйө дахь ноёрхол ба Ван Жүний улс төрийн байр суурь” Сөүлийн ИС., Магистрын судалгааны ажил, 2020.

김웅학, 몽골제국의 고려 지배와 王綧의 정치적 위상, 서울대학교 동양사학과 석사학위논문, 2020.

 

Уг судалгаанд Монголын эзэнт гүрний харьяат улсын бодлого хийгээд харьяат улсаа захирах хэрэгслийг судалж өнөөгийн харьяат улсын талаарх судалгаанд орхигдоод буй “Хүргэн” хэмээх тогтолцоог голчилж Монголын эзэнт гүрэнтэй ураг барилдсан харьяат улсуудыг Чингис хаанаас Хубилай хаан хүртэл он цагийн дагуу нягталжээ. Мөн Мөнх хааны үеийн Корйөтай харилцах бодлогын гол хүн болох Ван Жүний талаар судалж Монголын талд хүчин зүтгэх болсон Ван Жүнъ хийгээд түүний гэр бүлийн Корйө улсын ван хоорондын харилцаагаар дамжуулж Монголын Корйөтай харилцах бодлогын өөрчлөлтийг тодруулахыг зорьсон байна.

 

11. Чой Чүбон, “Сүүлчийн хаан Лигдэний Монголыг нэгтгэх оролдлого ба түүний өв”, Сөүлийн ИС., Магистрын судалгааны ажил, 2021.

최주봉, 마지막 대칸 릭단(재위 1604~1634)의 몽골 통일 시도와 그 유산, 서울대학교 동양사학과 석사학위논문, 2021.

 

 

Монгол, Түвэд, Хятад, Манж, Орос сурвалжаас гадна Англи, Япон, Солонгос зэрэг хэл дээрх судалгааны бүтээлүүдийг ашиглан Даян хааны дараах Монголын баруун, зүүн гарын тэмцлийн түүхэн нөхцөл байдал, Их хааны байр суурь ганхах болсон үйл явц, Лигдэн хаан ширээнд сууж их хааны эрх мэдлээ бататгахын тулд улс төр, эдийн засаг, шашны талаас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж, Хөххотыг төв болгон өөрийн хүчээ зузаатгах болсон учрыг нягталжээ.

Мөн Ар Хорчиныг дайлсан шалтгааныг тодруулж 1634 онд Хөх нуур луу нүүсэн явдлыг Халхын Цогт хунтайжтай харилцаж байсан харилцаатай холбон таамаглаж эцэст нь Лигдэн хааныг нас барсны дараах Манж болон Монголын тэмцэл хийгээд хойч үед нь түүний нас нөгчсөн явдал хэрхэн нөлөөлсөн талаар судалсан нь Монголын эзэнт гүрний дараах үеийн судалгаанд тодорхой хэмжээний байр эзлэх судалгаа болсон юм.

 


Төгсгөл 

 

Сүүлийн 5 жилийн хугацаанд Солонгос дахь Монголын түүхийн судалгаа нь Монголын эзэнт гүрэн, Монгол-Корйөгийн харилцаа, Монголын эзэнт гүрний дараах үе, Сурвалж судлал гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд явагдаж  нэгэн сэдэвт зохиол 9, орчуулгын зохиол 9 хэвлэгджээ.

Мөн дээрх ерөнхий сэдвүүдээр Сөүлийн ИС-ийн Азийн түүхийн тэнхим ба Солонгосын түүхийн тэнхим голчилсон 4 магистр, 7 доктор төрөн гарчээ.

 

Сөүлийн ИС-ийн Азийн түүхийн тэнхимийн хувьд голдуу Монголын эзэнт гүрний үе ба дараах үеийн судалгааг голчилж араб, перс болон түвэд хэлний сурвалжийг эрдэм шинжилгээний тайлбар зүүлт хийн орчуулж дипломоо хамгаалж буй нь шинэлэг бөгөөд судлаачдад ч шинэ сурвалжуудыг танин мэдүүлсэн ач холбогдолтой зүйл болов. Мөн сурвалжийн болон судалгааны олон хэлтэй залуу судлаач төрөн гарч Монголын түүхийг судалж байгаа нь залгамж халаагаа эртнээс бэлдэж буйн илрэл болов уу.

 

Харин тус сургуулийн Солонгос судлалын тэнхимд Корйөгийн түүхээр мэргэшин суралцдаг оюутнууд Монголын түүхтэй холбоотой буюу хоёр орны дундад зууны харилцааны түүхтэй холбоотой сэдвээр дипломын ажлаа бичих нь цөөнгүй байна.